Манай компани, Тайванийн ACER корпорацтай хамтран ACER брэндийн шинэ бүтээгдэхүүн болох Aspire Timeline зөөврийн компьютерийг танилцуулах үйл ажиллагааг өнгөрөгч Баасан гарагт амжилттай зохион байгууллаа.
Арга хэмжээний эхэнд хэвлэлийн бага хурал болж Сингапур улсаас Acer Computer корпорацийн Ерөнхий захирал ноён Ни Пин Жек, мөн компанийн бүсийн хөгжлийн менежер хатагтай Режина Ли болон БСБ Сервис компанийн удирдлагууд сэтгүүлчдийн асуусан асуултад хариулт өгөв.

Хэвлэлийн бага хурлын дараагаар ирсэн зочдын дунд коктэйл хүлээн авалтыг зохион байгуулж, хоёр компанийн үйл ажиллагаа болон бүтээгдэхүүний дэвшил, технологийн талаар харуулсан видео танилцуулгыг үзэж сонирхоцгоолоо.
Аливаа арга хэмжээг дуу хуур, бүжиг наадамгүйгээр төсөөлөхөд бэрх билээ. Энэхүү үйл ажиллагааны шигтгээ болгож Nuance болон үндэсний дуу бүжгийн Мөнх тэнгэр хамтлагууд хүрэлцэн ирж уран бүтээлээсээ толилуулан Сингапур улсаас ирсэн эрхэм төлөөлөгчид болон ирсэн зочдыг хөгжөөсөн юм.

Ингээд ажиллагааны үндсэн хэсэг болох шинэ бүтээгдэхүүний танилцуулга явагдаж эхэлсэн бөгөөд бүтээгдэхүүний видео танилцуулга театрын том дэлгэцэнд гарахын хамтаар зочдын дундуур бүтээгдэхүүнийг биетээр нь үзүүлж сонирхуулсан нь хүмүүсийн анхаарлыг их татаж байсан.

Зочдын урилган дээр сугалааны тоо бичигдсэн байсан бөгөөд тэрхүү сугалааны тохирол нь явагдаж 2 хүн шинээр бүтээсэн Acer Timeline зөөврийн компьютер болон LCD дэлгэцийн азтан болсон нь энэхүү үйл ажиллагааны бас нэгэн сюрприз байлаа.

Үйл ажиллагааны төгсгөл хэсэгт Acer компани БСБ Сервис компанид албан ёсны дистрибьютерийн болон сервис үйлчилгээний эрхийн бичиг, мөн 12 жилийн турш хамтарч ажилласны талархал болгож цом гардуулж өгсөн юм.






