БСБ Сервис компани энэ жил 2 дахь удаагаа BSB EXPO-2010 Олон улсын үзэсгэлэн худалдаагаа амжилттай зохион байгууллаа.
Үзэсгэлэн худалдаа маань Эрх чөлөөний талбайд 6 дугаар сарын 4-нөөс 9-ний өдрүүдэд 6 хоногийн хугацаанд үргэлжилсэн бөгөөд дэлхийд алдартай брэндүүдийн бүх төрлийн электрон бараа, компьютер, албан тасалгааны болон гэр ахуйн тавилгыг онцгой үнээр болон урамшуулалттайгаар худалдаалсан юм.
Эхний өдөр нээлтийн ажиллагаа сүр дуулиантай болж цэргийн парад, бөмбөртэй жагсаалт үзүүлбэр, урлагийн тоглолтууд явагдан хурсан олныг баясгаж байлаа.
Мөн энэхүү арга хэмжээг дэмжиж бидэнтэй олон жил хамтарч ажиллаж ирсэн Шведийн Electrolux, Италийн Indesit, Испанийн Fagor, Японы Casio, Сингапурын Shankar’s зэрэг олон пүүс, компанийн бие төлөөлөгчид өөрийн биеэр хүрэлцэн ирсэн бөгөөд бүх төрлийн хэвлэл мэдээллийнхэн ирж арга хэмжээний талаарх мэдээ ярилцлага авч байлаа. БСБ Сервис компанийн Ерөнхий захирал ноён Б.Жаргалсайхан үзэсгэлэн худалдааг нээж хэлсэн үгэндээ:
“БСБ Сервис компани анх 1991 онд байгуулагдсан цагаасаа хойш өнөөг хүртэл цахилгаан барааны зах зээл дээр тууштай ажиллаж ирсний үр дүнд Монголын зах зээл дээр баттай байр суурийг эзлээд зогсохгүй дэлхийд алдартай олон пүүс, компаниудыг оролцуулсан энэхүү Олон улсын үзэсгэлэн худалдааг 2 дахь жилдээ Монгол орныхоо нутаг дэвсгэр дээр зохион байгуулж байгаа билээ” гээд цааш нь “Энэхүү EXPO-гоор дамжуулан бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг Монголын хэрэглэгчдэд олгож, нөгөө талаар Монгол орноо дэлхийд сурталчлан таниулах үйлсэд бодитой хувь нэмрийг оруулж байгаа юм гэж би хувьдаа үзэж байна.” гэж онцолсон юм.
Үзэсгэлэн худалдааны үеэр төрөл бүрийн арга хэмжээ тухайлбал өдөр бүрийн цагийн хямдрал, дуудлага худалдаа, тэмцээн уралдаан, урлагийн тоглолтууд байнга явагдаж, мөн банкуудыг байрлуулан худалдан авагчдын хүссэн барааг газар дээр нь зээлээр олгож байсан юм.
Мөн худалдан авалт хийсэн хүн бүрт сугалаа өгч тухайн өдрийн ажиллагааны төгсгөлд тохирол тааруулах ажиллагааг явуулан азтнуудаа тодруулж азын шагналыг нь газар дээр нь гардуулж байсан.
6 өдрийн турш үргэлжилсэн дуу хуур, тэмцээн уралдаан, урамшуулал, бэлэг сэлтээр дүүрэн үзэсгэлэн худалдааны ажиллагаа маань их хотын шөнийн тэнгэрт нүргэлсэн их салиут буудуулснаар өндөрлөсөн юм.





